
Дасгал хийсний дараа батга, арьс улаалтаас сэргийлэх 4 зөвөлгөө

Сайхан хөлсөө гаргаж дасгал хийсний дараах эндорфин дааврын ялгарал ч ярих юм биш шүү. Үүнийг дагаад арьс улаах, загатгах гээд л тийм ч гоё зүйл биш. Хэрэв та дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа ямар нэгэн хурал, уулзалтад орох ч юм уу, facetime-дах гэж байгаа бол арьсаа тайвшруулах хэдэн арга мэдээд аваарай.
Дасгалын заалан дахь төхөөрөмжүүдийг ашиглахынхаа өмнө болон дараа заавар арчиж, ариутгах хэрэгтэй. Хөлстэй дасгалын төхөөрөмж бол нян бактери дамжуулах хамгийн гол зам л гэсэн үг. Мөн болж өгвөл боломж гарвал гараа угааж байвал зүгээр шүү. Дасгал хийж байхдаа нүүрэндээ гараа хүргэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Гар ариутгагчаар гараа ариутгасан ч гэсэн нүүрэндээ байнга хүрээд байвал гар ариутгагчны алкохолноос шалтгаалаад хүрсэн хэсгийн арьс хуурайшиж холцруутах магадлалтай. Хамгийн анхан шатны дүрэм бол ердөө л нүүрэндээ гараа хүргэхгүй байх юм.
Арьс арчилгааны хамгийн чухал алхам болох ЦЭВЭРЛЭГЭЭ
Арьс арчилгааны хамгийн эхний буюу чухал алхам бол нүүрээ цэвэрлэж өдрийн турш арьсан дээр тогтсон бохирдол, дасгалын явцад ялгарсан хөлс, дасгалын төхөөрөмжний бактери гэх мэтийг арилгах явдал юм. Бие болон нүүрэн дээр чинь хэр удаан хөлс байна тэр хэмжээгээрээ арьсны нүх сүв бохирдож, цаашлаад батга гарах, тосны сүв бөглөрөх үр дагаварт хүргэнэ. Тийм учраас дасгалын дараа аль болох хурдан хугацаанд бүлээн устай шүршүүрт орж, зөөлөн угаагч ашиглаарай.
Зарим мэргэжилтнүүд дасгалын дараа давхар цэвэрлэгээ хийхийг зөвлөдөг. Тосон цэвэрлэгч нь хөлс болон нарны тосыг задалж, хөөсөн цэвэрлэгч нь бохирдлыг гүн цэвэрлэж өгнө. Бүлээн, хүйтэн усаар угаах нь хамгийн тохиромжтой бөгөөд энэ нь дасгал хийж хөлс гарсан арьсны нүх сүвийг агшаахад тустай. Дасгалын дараах арьсыг ширүүн үрж угаах, гуужуулах зэрэг нь тохиромжгүй бөгөөд аль болон зөөлөн угаагч сонгох хэрэгтэй. Мөн угаасны дараа хүйтэн алчуураар бага зэрэг дарж өгвөл арьсыг тайвшруулах үйлчилгээтэй байдаг.
Чийгшүүлэх тос бол дасгалын өмнө ч дараа ч чиний хамгийн сайн найз шүү!
Арьсаа чийгшүүлэх нь дасгалын үеэр хөлс гарахад арьсыг тайвшруулах, дараа нь улайж, загатнахаас сэргийлэх гол түлхүүр юм. Дасгал хийсний дараа хөлс гарч, калори шатааснаас болж нүүр, арьс улайх нь байдаг. Арьсны өнгөн давхарга дээрх цусны хялгасан судас томорсноор, өнгөн хэсэгт илүү их цус дамжиж, арьс нүдэнд харагдахуйц улаан болдог. Гэхдээ төрөлхийн улаан арьстай биш л бол энэ явдал түр зуурынх байх болно. Чийгшүүлэх тосны үрэсвлийн эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй найрлага нь энэхүү улаалтыг багасгаж өгөхөд тусална. Арьсны онцлогтоо тохирсон хөнгөн бүтэцтэй, усан суурьтай тос хэрэглэвэл илүү тохиромжтой бөгөөд арьсаа цэвэрлэснийхээ дараа тэжээлийн серум түрхэхийг зөвлөж байна. Хэрвээ дасгалынхаа дараа гадагш гарахаар төлөвлөсөн бол нарны тосоо түрхэхээ мартуузай.
Нүүрээ битгий буд!
Хөлс, бохирдол нь нүүрний будагтай нийлвэл чиний хамгийн том дайсан л гэсэн үг. Батга гарахад бордоо л гэсэн үг шүү. Дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол өмнө нь нүүрний будгаа арилгах хэрэгтэй. Нүүрний будаг, хөлс, тос, гадны бохирдол зэрэг нийлэхээрээ арьсны нүх сүвийг бөглөж, батга гарах үндсэн нөхцөл болдог. Нүүрээ будахгүйгээр дасгалаа хийх нь арьсыг чөлөөтэй амьсгалах боломжоор хангана. Дасгалын дараа чийгшүүлэх мист цацаад өгвөл арьсаа илүү эрүүл, гэрэлтсэн байлгахад тусална. Хэрвээ үнэхээр нүүрээ будах шаардлагатай бол аль болох хөнгөн, арьсны нүх сүвийг бөглөдөггүй найралага бүхий будгийг сонгоорой.